Wednesday, September 3, 2014

“Жендэрийн тэгш байдал”-ыг хангах

Жендерийн тэгш байдал гэж эрэгтэй эмэгтэй хүмүүс ижилхэн байхын нэр бус харин тэдний эдлэх бололцоо, амьдралд хүртэх боломж нь тэгш байхыг хэлдэг. Дэлгэрүүлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн нийгмийн амьдралын бүхий л хүрээний үйл ажиллагаанд эрх тэгш оролцож, улс төр, эдийн засаг нийгэм, соёлын үр шимээс тэгш хүртэж, үүрэг хариуцлагыг тэгш хүлээх явдал мөн, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, тэднийг эрх тэгш үнэ цэнэтэй байлгахыг хэлнэ[1].

Жендерийн тэгш байдал нь тухайн улс орны хүний хөгжил, эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай байдаг. Гэтэл өнөөдөр хүн амын дундах дундаж наслалт хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9  бол, эмэгтэйчүүдийнх 72.2% байна. Мөн монгол улсын нийт хүн амын 50.4% -г эзэлдэг эмэгтэйчүүд өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөдийн 80%-с илүү хувийг эзэлж байна. Түүнчлэн сургуульд суралцагсадын хүйсийн харьцаа бага, дунд ангид тэнцвэртэй, ахлах ангиас өөрчлөгдөх хандлагатай байна. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших хувь давуу байгаа ч албан тушаал ахих, нийгэмд дуу хоолойгоо хүргэх тал дээр дутагдалтай байна. Жишээ нь Монгол Улс байнгын ажиллагаатай УИХ-тай болсон цагаас хойш эмэгтэй гишүүдийн эзэлж ирсэн хувийг авч үзвэл[2] 1992-1996 онд 3,9 хувь, 1996-2000 онд 9,2 хувь, 2000-2004 онд 11,8 хувь, 2004-2008 онд 6,6 хувь, 2008-2012 онд 3,9 хувь, 2012-2016 онд 11,8  хувь байна. Эдгээр жэндерийн тэгш бус байдлууд нь ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал улмаар хүчирхийлэлийг үүсгэж байна. Тухайлбал, 2011 онд явуулсан “Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөр” суурь судалгаагаар дараах үр дүнгүүд гарсан байна[3].  
1.      Хот болон хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл ихээр гардаг байна. Хот болоод хөдөө орон нутгийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн гаралт 64.6 хувьтай байгаа ба энэхүү хүчирхийлэлд нөлөөлж байгаа хүчин зүйл нь архидалт, ядуурал, ажилгүйдэл гэх зэрэг нийгмийн тогтворгүй асуудлууд нөлөөлж байна. Энэхүү хүчирхийллийн үед хэрхэн ажиллах талаар стратеги байдаггүй гэж нийт судалгаанд хамрагдагсдын 64 хувь нь үзсэн байна.
2.      Жендэрийн асуудлыг бодлого хөтөлбөрт тусгах, түүний хүрээнд тодорхой үйл ажиллагаа төлөвлөх байдал аль ч яам, салбарын хувьд хэвшээгүйн дээр тусгасан ч хэрэгжихгүй байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн бодлого хөтөлбөрт жендэрийн агуулгыг тусгах нь тухайн баримт бичгийг боловсруулж буй мэргэжилтний жендэрийн ойлголт, мэдлэгээс шууд хамааралтай байна.
Энэ бүхнээс үзэхэд мэдлэг, баялаг, хүч чадал, соёл нь нийгмийн гишүүдийн эдийн засгийн тэгш бус байдалтай шууд хамааралтай байж ирсэн нь харагдаж байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдэх гарцыг хайх нь нэн түрүүнд тулгамдсан асуудал хэвээр байна. Миний зүгээс жендэрийн тэгш байдлыг бий болгох хамгийн оновчтой арга зам нь “Гэр бүл тус бүртэй тулж ажиллах явдал” гэж хардаг. Өөрөөр хэлбэл улс орны үндэс суурь бол гэр бүл. Энэ гэр бүлд жендэрийн тэгш байдлыг бий болгосноор нийгэм даяар аяндаа жендэрийн тэгш байдал тогтох болно. Юуны түрүүнд гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг улам боловсронгуй болгон, тухайн хуулийг бодит байдалд хэрэгжүүлэхэд бүх талуудыг нэгдмэл ойлголттой болгоход анхаарах, улс, олон улсын хэмжээний уулзалт, зөвлөгөөн, сургалт, таниулах компанит ажлыг өрнүүлэх нь чухал юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд жендэрийн тэгш  байдал нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хангахад нэн чухал гэж ойлгож байна.


Л.Мөнхбат


[1] Хүйсийн тэгш эрхийн төв “Жендерийн тэгш эрх хөгжлийн агуулга болох нь” УБ., 2009 он 89 тал
[2] УИХ-ЫН ТГ-ын судалгааны төв, “монголын эмэгтэй улс төрчид” (мэдээлэл, лавлагаа, судалгаа), т. мягмаржав, улаанбаатар хот. 2012 он
[3] НҮБ-ын Хүн Амын Сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн “Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөр” суурь судалгааг 2011 онд гүйцэтгэсэн

No comments: