Tuesday, September 10, 2013

Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу?

Оюутнууд эрдэм мэдлэгт шамдаж байна уу, зугаа цэнгэлээр мэргэшиж байна уу?

Энэхүү нийтлэлээрээ төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны сурах идэвхийн хооронд харилцан хамаарал байгаа эсэхийг судалж гаргахыг зорилоо. Ингэхдээ төрөөс оюутны сургалтын төлбөрт өгч буй 500000 төгрөгний талаар 2010, 2011 онуудад, 70200 төгрөгний стипендын талаар 2012 оны 5 сард хийсэн судалгааны үр дүнг ашигласан. Энэхүү нийтлэлийг www.sonin.mn, www.gogo.mn сайтаас харах боломжтой.


Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгэд оюутны хамрагдалт

1990 оноос өмнө бүх шатны сургуулиуд улсаас санхүүждэг, их дээд сургуулиудын оюутнууд нь үнэ төлбөргүй сурахын зэрэгцээ нэмж стипенд авдаг байлаа. Засгийн газраас оюутны стипендийг 1993-94 онд хааснаар энэ байдал төгсгөл болсон билээ (О.Отгонжаргал, 2004)
 Улмаар оюутны сурах боломжийг бий болгох, санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудад дэмжлэг үзүүлэхээр Засгийн газрын  107-р тогтоолын дагуу 1993 онд Сургалтын Төрийн Сан (СТС) байгуулагдаж, одоогийн сургалтын тусламжийн хөтөлбөрийн үндэсийг бий болгосон (Норман Ларокеба Брайн Ии, 2004).
СТС-гаас сургалтын зээл буцалтгүй тусламж олгох үйл ажиллагаа 1993-1995 онд оюуны чадавхи сайтай боловч төлбөрийн чадваргүй оюутнуудад тусалж, дэмжих чиглэлээр эхэлсэн бол 1996-1999 онд нэн ядуу болон амьдралын түвшин доогуур айлын оюутан хүүхдэд, 2000 оноос хойш ядуу, өнчин, малчин, бага орлоготой, төрийн албан хаагчийн хүүхдэд зээл, буцалтгүй тусламж олгох, 2003 оноос сумдад төрийн албан хаагч бэлтгэх зардал гэх мэтээр хүрээ нь улам тэлж 1994-2004 онд сургалтын зээл, буцалтгүй тусламжид хамрагдагсад 8,0 мянгаас 40,0 гаруй мянга болтлоо өссөн байна. Мөн Засгийн газрын 347/2010, 19/2012-р тогтоолууд гарч бүх оюутнууд сургалтын төлбөртөө 500000 төгрөг, үндэсний тэтгэлгийн 70200 төгрөгийг бэлнээр авч эхлээд байгаа. Энэ мэтчилэн төрөөс оюутнуудад үзүүлэх зээл, буцалтгүй тусламж жил ирэх тусам хүрээгээ тэлсээр. Үүнийгээ боловсролын чанар, оюутны сурах идэвхийг сайжруулах, тэднийг дэмжих зорилгоор өгч байгаа гэж тайлбарладаг. Гэтэл эдгээр хөтөлбөр ямар үр дүнтэй байгаа оюутнуудад хэрхэн яаж хүрч байгаа талаар хяналт-үнэлгээ шинжилгээний ажил хийгдээгүй өдий хүрсэн нь мэргэжлийн ур чадвартай, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадавхитай үндэсний боловсон хүчин бэлтгэхэд муугаар нөлөөлж байна.
1993 оноос оюутнуудад төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийг Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхэлснээс хойш нийтдээ сургалтын зээл, буцалтгүй тусламжийн талаар ЗГ-аас 1993-2012 он хүртэл 1 удаа хууль, 13 удаа тогтоол, 2 удаа тушаал гаргаж, зээл тусламжид хамрагдах оюутнуудын хамрах хүрээг тэлж, зөвхөн 2004-2011 оны хооронд давхардсан тоогоор 591015 оюутанд  ойролцоогоор 243.195.400.000 төгрөгийг зарцуулжээ.
            Энэхүү санхүүгийн дэмжлэг нь Төрийн албан хаагчдын хүүхдийг тэтгэлэгт хамруулснаар зорилтот бүлгээсээ зарим талаараа хазайсан, СТС-гийн зээлд хамрагдсан оюутнуудын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, дээрээс нь 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө СТС-гийн зээлээр суралцаж дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 21 мянган төгсөгчийн 8,2 тэрбум төгрөгийн зээл түүний хүүгийн төлбөрийг ЗГ-ын 2004 оны 22-р тогтоолоор чөлөөлжээ. Энэ нь сургалтын зээлийн агуулга, ач холбогдлыг бууруулж төлөлтөд муугаар нөлөөлж байна (ҮАГ, 2007).
Оюутан хүний хийх ёстой үндсэн ажил нь сурч боловсрох гэж хуулинд тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших, багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх, бие дааж суралцах арга барилыг эзэмших (УИХ, 2002), зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх, эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох (УИХ, 2002) зэрэг үүрэг хүлээдэг.
Тэгвэл өнөөгийн оюутнууд эдгээр үүргээ хэр биелүүлж байна вэ?, төрөөс тэтгэлэг нэрээр мөнгө аваад зүгээр суугаад байна уу?, үгүй юу гэдгийг тодруулахын тулд төрийн өмчийн 7 сургууль (МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, ХААИС, СУИС, Ховд ИС), төрийн бус өмчийн 3 сургуулийн (ИЗИС, Отгонтэнгэр ИС, Орхон ИС) бакалавр, магистр, докторантад сурч буй нийт 84381 мянган оюутнуудын голч дүн дээр анализ хийж үзлээ. Ингэхдээ бакалавр, магистр, доктор гэсэн гурван түвшинд хуваан өмчийн хэлбэрээр нь ялгаж авч үзэв.
Өнөөдөр монголд бакалаврын ангид суралцаж буй оюутнуудын дийлэнх нь дундаас доош буюу 2.4-оос доош голч дүнтэй сурч байна. Энэ тоо төрийн өмчийн их сургууль дээр бүр илүү ажиглагдаж байна. Ялангуяа МУИС, ШУТИС оюутнуудын голч дүн бусад сургуулиудаас массаараа доогуур байна. Төрийн өмчийн сургуульд сурч буй оюутны голч дүн төрийн бус өмчийн сургуульд сурдаг оюутнуудаас харьцангуй тааруу үнэлгээтэй байгаа юм.
Харин зэрэг ахих бүрд оюутны тоо багасч тэр хэрээр сурлагын голч дүн нь нэмэгдэж байна. Зарим сургуульд тэр дундаа төрийн бус өмчийн сургуульд сурч буй оюутнуудын дунд муу сурдаг оюутан бараг байхгүй байгаа юм. Ингэж сургуулиуд оюутнуудын дунд өрсөлдөөн бий болгохгүй, сайн сурдаг байна уу, муу сурдаг байна уу чанарын ялгаагүй сургалтын төлбөрөө төлж байвал сурдаг муу жишиг бий болгоод байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Олон чанаргүй оюутан бий болж, тэр хэрээр өрсөлдөөн байхгүй байгаа нь мэдлэг, ур чадвар олж авна гэхээс илүүтэй пиво, архи ууж, шоудаж сурч байна гээд хэлчихвэл хилсдэхгүй болов уу?.

Оюутны сурах идэвхэд төрөөс үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэгийн нөлөө. (500000, 70200 төгрөгний жишээн дээр)

Хүний хөгжил сангийн 500000 төгрөг, сар бүр өгч буй үндэсний тэтгэлэгийг  өгч байгааг зөв гэж оюутнууд өөрсдөө дэмжиж байна. Зөв гэж үзсэн хамгийн гол шалтгаан нь ар гэрийн амьдралд дэмжлэг болж байгаа гэж хариулжээ. Харин 70200 төгрөгний судалгааны үр дүнгээр нэмэлт сургалт дамжаанд суух, хэрэгцээт зүйлээ авах, ном сурах бичиг авах, мөнгө төгрөгөөр гачигдахгүй байх гэсэн өөр нэмэлт шалтгаануудыг хамт дурьдсан.
Үүний эсрэг байр суурьтай оюутнууд нэлээдгүй байна.  Тухайлбал, эдгээр санхүүгийн дэмжлэгийг авснаар оюутан сурах гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл хөөцөлдөх нь их болж байгаа гэж үзжээ. Сүүлийн таван жилийн статистикаас оюутнуудын гэмт хэрэгт холбогдож буй байдлыг харахад нийт гарч буй гэмт хэргийн дунд эзлэх хувь 2008 оныхтой мөн үеийг харьцуулахад 73 буюу нэг хувиар өссөн  байна. 2010, 2012 онуудад оюутны гэмт хэрэгт холбогдох тоо огцом нэмэгджээ.
Оюутнуудаас үндэсний тэтгэлэгийн гурван сарын мөнгөө яг юунд зарцуулж байгааг тодруулахад 40 гаруй хувь нь сургуультай холбоотой зүйлд зарцуулж байгаа нь анхны зориулалтаас бага байгаа юм. Мөн энэ хөтөлбөрийн дагуу оюутнууд мөнгөө бааранд үрдэг гэж бага хариулсан ч гэсэн үүнд нөлөө байж магадгүй гэж үзэж байна. Үүнийг цаашид тусад нь судлах шаардлагатай. Учир нь нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын албан мэдэгдлээр өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад оюутны гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн байна. Тухайлбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт 2012 оны 1 дүгээр улиралд 3241 гэмт хэрэг бүртгэгдсэнийг урьд оны мөн үетэй харьцуулахад 374 нэгжээр буюу 13,0 хувиар өсч, согтуугаар үйлдэгдсэн 418 гэмт хэрэгт 429 хүн холбогдсоны 35 буюу 8 хувь нь оюутан, 230 буюу 53.6 нь 16-29 насны залуучууд байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 16609 хүн эрүүлжүүлэгдсэнээс 236 буюу 1,4 хувь их, дээд сургуулийн оюутнууд байгаа нь анхаарал татаж байна.

A.   Бүлэг. 500000, 70200 –ийг маш их эерэгээр хүлээн авч байгаа хэсэг: Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг авснаар өмнөхөөсөө илүү их шамдан сурч, мэдлэг, ур чадвар сайжрахад маш эерэгээр нөлөө үзүүлэх болно гэж хариулсан хэсэг энэ бүлэгт багтана. 70200 төгрөг 500000 төгрөгөөс илүү эерэг нөлөөтэй гэж үзжээ.
B.   Бүлэг. 500000, 70200-ийг их эерэгээр хүлээн авч буй хэсэг: Энэ мөнгийг авснаар өмнөхөөсөө илүү чармайж сурахгүй ч мэдлэг, ур чадвар сайжирна гэж бодож байгаа мөн мэдлэг, ур чадвар сайжрахгүй гэж бодож байгаа ч улам хичээж сурах болно гэсэн хүлээлттэй байгаа хэсэг энд багтана.  Судалгаанд оролцогчдын 17.5-29.2 хувийг эзэлжээ.
C.   Бүлэг. Дундаж байр суурьтай хэсэг: Уг мөнгийг авснаар өмнөхөөсөө чармайлт, хичээл зүтгэл гаргаж сурахгүй, мөн мэдлэг, ур чадвар, сурлагад нөлөөлөхгүй гэж үзсэн хэсэг нь өмнөх судалгаатай харьцуулахад бага зэрэг өсч 27.1[1] хувь болсон байна. Үндэсний тэтгэлэгийн нөлөө энд бага байна.
D.   Бүлэг. 500000, 70200 төгрөгийг сөргөөр хүлээн авч буй хэсэг: Төрөөс өгч буй эдгээр санхүүгийн дэмжлэгийг авснаар өмнөхөөсөө чармайлт, хичээл зүтгэл гаргаж сургах нь дордож, сурах үйл явцад ямар нэгэн эерэг нөлөөлөл бага байгаа гэж хариулсан нь 14.5-17.5 хувийг эзэлжээ.
E.   Бүлэг. 500000, 70200 –ийг маш сөргөөр хүлээн авч буй хэсэг: Энэ мөнгийг авснаар оюутнуудын хичээлдээ хандах хандлага нь улам дордож, сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа гэж судалгаанд оролцогчдын харьцангуй цөөхөн хувь нь хариулсан ч гэсэн өмнөх онтой харьцуулахад маш их нэмэгдсэн нь анхаарал татаж байна.
F.    Бүлэг. Зөрчилтэй байр суурьтай хэсэг: Байр суурь зөрчилтэй бүлэг энд багтана. Энэ нь харьцангуй бага хувийг эзэлж байна.
            Дээрхээс дүгнэхэд судалгаанд оролцогчдын талаас илүү нь сурах идэвхэд эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт хадгалагдаж байгаа хэдий ч 2011 оныг өмнөх онтой харьцуулан үзэхэд уг хөтөлбөрийг эерэгээр хүлээж авч байгаа А хэсэг бараг 30 хувиар багасч, сөргөөр хүлээн авч байгаа хэсэг нэмэгдсэн байна.
            Ийнхүү төрөөс өгч буй санхүүгийн дэмжлэг оюутнуудын хариулж байгаа шиг сурлагын амжилтанд үнэхээр нөлөөлсөн эсэхийг шалгахын тулд оюутнуудын голч дүн дээр шинжилгээ хийж үзсэн.

Дээрх графикаас харахад оюутнуудын сурах идэвхэд төдийлөн өөрчлөлт гараагүй байна. Харин ч 2010 оны голч дүнг 2011 оны голч дүнтэй харьцуулбал 0.5 хувиар буурчээ. Ажиглалт, ярилцлагын аргаар авсан мэдээллээс харахад төрөөс өгч буй санхүүгийн дэмжлэг нь оюутны сурах идэвхэд бараг нөлөөлөхгүй байгааг хэлж байсан.  
Мөн оюутнууд эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй байдлыг сүүлийн дөрвөн жилээр авч үзвэл бага зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа ч төдийлөн ялгаа ажиглагдахгүй байна.
Харин төрөөс өгч буй 500000, 70200 төгрөгийн хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйл нь оюутны сурах үйл явцад биш харин тэдний гэр бүлийн санхүүд илүүтэй дэмжлэг болж байгааг судалгаанд оролцогчид онцолсон. Ялангуяа дунджаас доош орлоготой, орон нутгийн оюутнуудын ар гэрт их дэмжлэг болжээ.

Товч дүгнэвэл

1990 оноос хойш Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд асар том өөрчлөлт, шинэчлэлт өрнөж, сургалт төлбөртэй болж, хувийн хэвшлийн сургууль байгуулагдаж, дээд боловсрол эзэмшигчдийн тоо хурдтай өссөний зэрэгцээ оюутны тусламжийн тогтолцоо бүрэлдэж эхэлсэн байна. Буцалтгүй тусламж, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь дээд боловсролын салбарыг хөгжихөд, оюутны сурах үйл явцад тодорхой хэмжээгээр дэмжлэг болсон. Гэвч сүүлийн үед хэт хавтгайруулан, бүх оюутнуудад эргэн төлөглөгдөхгүй, тодорхой шалгуургүй тусламжийн хөтөлбөр явуулж байгаа нь дэмжлэг гэхээсээ илүүтэй, үр ашиг багатай, төрд зардал үүрүүлсэн халамжийн шинжтэй хөтөлбөр болж байна.
Оюутнууд төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг (500000, 70200 төгрөг)  авснаар сурах идэвх сайжирна, сайжирч байгаа гэж хариулж байгаа ч бодит байдалд нөлөөлөл бараг байхгүй байна. Харин ч сурах гэхээс илүү зүгээр үнэгүй дээд боловсрол эзэмшиж, дипломтой болох сонирхолтой хүмүүс олон болж байна.        





[1] 500000 төгрөгний судалгааны үр дүнгээс

No comments: