Tuesday, September 10, 2013

Бид дээд боловсролыг хэдэн төгрөгөөр эзэмшдэг вэ?

Бид дээд боловсролыг хэдэн төгрөгөөр эзэмшдэг вэ? сэдэвт нийтлэлийг www.gogo.mn, www.sonin.mn сайтуудаас уншиж болно. 
Хөгжингүй улс орнуудын айл өрхийн хамгийн их зардал гаргадаг зүйл нь хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх. Ихэнх айл өрх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүүхэд төрсөн цагаас нь хуримтлуулж эхэлдэг ба зарим улсад иргэддээ хүүхдийнхээ сургалтын мөнгийг хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлсэн урамшуулалтын программ гаргаж тусалдаг.
Эцэг эх, гэр бүлийн цуглуулсан мөнгөнөөс гадна сургалтын төлбөрийг төлөх өөр хоёр арга байдаг нь нэгд банкны бага хүүтэй зээл, хоёрт засгийн газар, сургууль, аль нэг байгууллагаас тэдний шалгуурыг давсан оюутанд суралцахад олгодог тэтгэлэг юм. Эдгээр нь очих эзэндээ л очдог. Харин манай улсад одоо мөрдөгдөж буй төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж нь хэн сайн бичиг баримт хөөцөлдөнө, хэн танил тал ихтэй байна тэр хүмүүс хамрагддаг болохоос биш яг очих эзэндээ тэр болгон хүрч чаддаггүй гэдгийг бид бүхэн хангалттай олон харсан, сонссон, бүр зарим нь оролцсон байдаг.

Гэтэл манай улсад хүүхдээ дээд боловсролтой болгоход хангалттай мөнгө зарцуулж байгаа юу. Монголын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг өндөр гэж үздэг ч дэлхийн хөгжингүй орны жишигтэй харьцуулахад хэтэрхий бага юм.
Дээрх графикаас харахад дундаж амьдралтай хүмүүс сарын цалингаасаа нэг ч төгрөг авахгүй сургалтын төлбөртөө өгөхөд Харвардын их сургуульд сурах хүн 16 сарын, Окспортын их сургуульд 5.8 сарын, Австралийн их сургуульд 5.2 сарын, Сингапурын их сургуульд 7.09 сарын, МУИС-д 2.5 сарын цалингаараа тус тус суралцах боломжтой байгаа нь Монгол улсад сургалтын төлбөр дэлхийн жишгээс бага гэж дүгнэхээс аргагүй юм.
Тухайн хөгжилтэй орнуудын сургуулийн сургалтын төлбөрийг төлөх дундаж хугацааг олоход 8.4 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хэрэгтэй болж байгаа ба Монгол улсад ийм хугацааны орлогоороо сургалтын төлбөрөө төлж эхэлбэл сургалтын төлбөрийг наад зах нь 2200.0$ болгож байж дэлхийн жишигт дөхөж очих хэмжээнд хүрэхээр байна.
Сургалтын төлбөрийг зоригтой нэмэх хэрэгтэй. Сургалтыг либералчлахаас реформыг эхлэх хэрэгтэй, тэгвэл аяндаа бусад зүйл нь цэгцэрнэ (МУИС-ийн мэдээ 2008: 25)  гэж МУИС-ын багш нар үзэж байна.
            Сургалтын төлбөр бага учраас үнэхээр боловсрол олж авахыг мэрийгч хичээнгүй оюутнуудаас гадна бага төлбөр, хөнгөлөлтэй орон байр, зугаа цэнгэл, хоолонд болж олон залуучууд хот, мужийн коллеж, их сургуулиудад татагдаж ирдэг. Тэдний хувьд коллеж нь дунд сургууль, ажил хийх хоёрын хооронд амсхийх тааламжтай газар байдаг. Хичээлд суух, шалгалт өгөх, зэрэг хамгаалах нь тэдний хувьд энэ сайхан газар цаг нөхцөөсний төлбөр болохоос сургуульд сурч байна гэдэг тэдний гол зорилго биш (Фридман, 2007, p. 121).
Одоогийн байдлаар Засгийн газраас төрийн сургуулийн төлбөрийн хэмжээнд зохицуулалт хийж байгаа ба бакалаврын өдрийн сургалтын төлбөрийн жилийн дундаж хэмжээ төрийн өмчийн сургуульд 817.9, төрийн бус өмчийн сургуульд 900.7 мянган төгрөг байна (БСШУЯ, 2012). Хэт зохицуулагдсан нийгмийн өвчнөөс хувийн сургалт ч салангид байж чадахгүй байна (Фридман, 2007, p. 121).
1990 оноос улсын их сургуулиудын санхүүжилт, ялангуяа судалгаа явуулдаг боловсролын байгууллагуудын санхүүжилт дэлхий нийтийн хэмжээгээр эрс буурлаа. Өнөөдөр барууны орнуудад дээд боловсролын салбар нь санхүүгийн шийдвэрлэвэл зохих олон асуудалтай тулгараад байгаатай санал нэгдэх ажиглагч, судлаачдын тоо цөөнгүй байна (Finney.J.E, 1997).
Тиймээс төрөөс оюутнуудын сурах үйл явцыг дэмжиж, боловсролын чанарыг сайжруулахын тулд төлбөрийг дэлхийн жишигт хүргэж, санхүүгээр дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй байгаа юм.
Төрөөс сурах чадвартай ч санхүүгийн боломж тааруу оюутнуудыг боловсрол эзэмших тэгш бололцоогоор хангах, тухайн сургуулийн санхүүгийн асуудлыг шийдэхээр олон эх үүсвэрийг ашигладаг. Тухайлбал, оюутны сургалтын төлбөр болон улсын татаасаас гадна доорхи төрөл хэлбэрүүд байна. Үүнд:
1.    Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, бэлэг;
2.    Зохиогчийн эрх, патентын үнэ;
3.    Зээлийн хөрөнгө;
4.    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтэд зориулсан хөрөнгө;
5.    Гэрээт ажил, үйлчилгээ, аж ахуйн бусад үйл ажиллагаанаас олсон орлого;
6.    Хэвлэл, компьютерийн программ зэрэг үйлчилгээний хөлс;
7.    Бусад эх үүсвэр.
Дээрхээс манай улсын их, дээд сургуулиуд хангалттай ашиглаж чадахгүй, зөвхөн оюутны сургалтын төлбөрөөр амиа зогоох төдий байна. Гэтэл гадаадын хөгжингүй орнуудын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөөс илүү бусад эх үүсвэрийг илүүтэй ашиглан санхүүжилтын асуудлаа шийдэж байна. Жишээлбэл, Калифорнийн Их сургууль нэг тэрбумаас илүү долларын хандив цуглуулах компанит ажлыг зохион байгуулж байсан байна. Харин Харвардын Их сургууль 2,1 тэрбум долларын хандив цуглуулах зорилготой. 1990-1995 оны хооронд Америкийн их сургууль, коллежуудад оруулсан хувийн хандив 12,7 тэрбум доллар буюу 30 хувиар өссөн байна. Энэ хугацаанд төгсөгчдийн хандив 42 хувиар нэмэгдсэн байна (Finney.J.E, 1997). Эдгээр хандиваар цугласан мөнгийг манай улс шиг зүгээр оюутан бүрт зүгээр тараагаад өгчихдөггүй. Харин оюутнуудын дунд өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр зарлан бусдаасаа сайн сурч байгаа манлайлагч оюутнуудын сурах үйл явцад зарцуулдаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ эзнээ олж чаддаг гэсэн үг. Мөн уг тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сурах идэвхэд маш эерэгээр нөлөөлж, тухайн оюутны амьдралд жинхэнэ хөрөнгө оруулалт болж чаддаг.
Дэлхийн улс орнуудын зүгээс оюутнуудад тэгш боломж олгох, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор зээлийг их ашиглаж байна. Тухайлбал, Гаана, Шинэ Зеланд, Канад, Унгар зэрэг орнууд оюутнуудад сургалтын зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд амжилттай явж байна. 
Монгол улсад төрөөс оюутнуудад өгч буй санхүүгийн дэмжлэгийн үр нөлөөг сайжруулахын тулд “Тэгш боломж-Шударга өрсөлдөөн-Шилдэг оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд доорх зүйлийг хийх шаардлагатай.
Оюутны нэг жилийн сургуулийн сургалтын төлбөртэй тэнцүү хэмжээний эргэн төлөгдөх нөхцөлтэй “Чек” (эрхийн бичиг)–ийг бий болгоно. Энэ “Чек” нь оюутны сургалтын төлбөрийг орлох эрхтэй өөр зүйлд зарцуулагдаж, ашиглагдаж болохгүй байхаар тооцож хийнэ. Уг “Чек”-ийг наад захын шаардлага хангасан их, дээд сургуулийн оюутнууд бүгд хамрагдах тэгш бололцоотой байна. Гэхдээ шударга, өрсөлдөөнөөр буюу тодорхой шалгуураар өрсөлдөж хамгийн өндөр үнэлгээ авсан оюутнууд хамрагдах эрх нээгдэнэ. Шалгуур нь нэгдүгээр курсэд орж байгаа оюутнуудын хувьд “Ерөнхий шалгалт”-ын оноо, 2-р курсээс дээшхи оюутнуудын хувьд дүнгийн голч, сурч байх хугацаанд гаргасан амжилтууд байж болно. Тухайлбал “Чек”-ийн зээлд хамрагдан сургалтын төлбөрөө төлж сурсан оюутнууд нэг жил сураад амжилттай сурч, шалгууруудыг (Эрдэм шинжилгээний хурал (ЭШХ), мэтгэлцээн гэх мэт уралдаан, тэмцээнд дор хаяж 1-2 удаа амжилттай оролцсон байх, сайн дурын болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх, голч дүн 2.4 –өөс дээш байх) хангаж чадвал дараа жил дахиад хамрагдах эрхтэй болно гэсэн үг. Шалгуурыг хангахгүй бол оронд нь өөр шилдэг оюутанг шалгаруулан оруулах зарчмаар явагдана. Энэ бүгд нээлттэй цахим хэлбэрээр явагдах ёстой. Тухайлбал ерөнхий шалгалтын оноогоор оюутнуудыг жагсаадаг шиг жагсаагаад хамгийн өндөр оноотой нь “Чек”-ийн зээлд хамрагдах эрх авдаг байх. Энд орох чадвартай оюутнууд хамрагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт, шалгалтыг  ажиллуулна. Мөн мониторинг байнга хийнэ.
Тухайн “Чек”-ийн зээлд хамрагдаад сурч байх хугацаандаа бусдаасаа илүү амжилттай сурч чадвал (Сайн дурын үйл ажиллагаа, ЭШХ, мэтгэлцээн, олимпиад гэх мэт үйл ажиллагаанд дор хаяж 1-2 удаа амжилттай орсон байх, голч дүн 3.5 –аас дээш байх гэх мэт) зээлийн эргэн төлөлтийг хагас болон бүтнээр нь төр хариуцах. Ингэснээр төрөөс үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлт сурлагатай, чадвартай, авъяаслаг оюутнуудыг дэмжиж шударга өрсөлдөөн бий болгон оюутны сурах идэвхэд сайнаар нөлөөлнө.
Энэ хөтөлбөрийг бодитоор нь хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн хувьд, институтчиллын хувьд, санхүүжилтийн хувьд, хяналтын хувьд, зохион байгуулалтын хувьд цогц арга хэмжээг авах хэрэгтэй байгаа юм. 

Товч дүгнэвэл

Оюутны сурах идэвх, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, төрөөс дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг оновчтой болгох, цаашид дээд боловсролын салбарын шинэчлэлийг үр дүнтэй үргэлжлүүлэх өөрчлөлтийн хүрээнд 1. Өнөөгийн сургалтын төлбөрийг дэлхийн хэмжээнд ойртуулах (2200 ам доллар болгох), 2. Төрөөс бүх оюутнуудад тэгш боломж олгох замаар нийт оюутнуудад зөвхөн эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн үйлчилгээг санал болгох хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр оюутнуудын дунд өрсөлдөөн бий болж жинхэнэ утгаараа оюутны сурах идэвх сайжирч, дээд боловсролыг хөгжүүлэх, оюутнуудыг дэмжих, монгол төрийн бодлого жинхэнэ утгаараа бодит биелэлээ олох болно.

No comments: